2008-12-07
Монголчууд ертөнцийн найм дахь гайхамшгийг бүтээв үү?

Ийнхүү монгол архитекторчийн, монгол урлаачдын, монгол хөрөнгө оруулагчийн хамтарч бүтээсэн "Чингис хааны хөшөөт цогцолбор"
нээлтээ хийлээ-
 

Сайхан бүхний тухай, сайн үйлсийн тухай үг "балчирдаж", үнэн гүйцэгддэг юм уу даа. Үзэж харсан зүйлээ хамгийн сайхнаар магтахыг хүсэв. Үнэн нь тэр болохоор тэр. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голын авар хөндий болох Цонжин болдогт Чингис хаан морьтойгоо алсыг ширтэн, ихийг бодох аж. Эдүгээ цагийн баатар мэт дүрслэхийн учир нь үнэхээр гайхалтай.

 

Хүн үл харагдах хөдөө хээр нутагт толгодын цаанаас нарны гэрэлд нэгэн өндөр сүр бараатай дүрс гэрэлтэж, нүд гялбах нь "Чингис хааны хөшөөт цогцолбор" ойрхон ирсний тэмдэг. Хотын дуу чимээнээс хөдөөг зорих олны хөлийг тосч сүндэрлэх уг хөшөөт цогцолборыг энд босгосон нь учиртай.

Энэ талаар түүхийн сударнаа тэмдэглэж үлдээснийг уншигч таньд сонирхуулья. Тэртээ 1177 онд идэр залуу Тэмүүжин өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Тоорил хаанд булган дээлээ бэлэглэн тусламж эрээд Бурхан Халдан руу буцах замдаа Цонжин болдог хэмээх энэхүү толгой дээрээс ташуур олсон аж. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь билэг ерөөлтэй агаад эр хүний сайн учралын дохио хэмээн тайлсан байдаг. Иймд Чингис хаан ч тэр тухайн үедээ ихэд бэлгэшээж, "Ирээдүйн их хэргийн зам нээгдлээ" хэмээн ерөөж байсан мэдээ түүхнээ үлджээ. Үүнийг түүхч болоод судлаачид "Энэ үйл явдал бол толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлэн дэлхийн талыг байлдан дагуулах их хэрэгт ташуур нэмсэн бэлгэт үйл" хэмээн тайлбарлах нь ч бий.

 

Тэгвэл энэхүү домгийг Монгол Улсын аялал жуучлалын салбарын түүчээлэгч байж, дэлхийд байхгүй цогцолборыг босгох арга ухааныг бодож олсон "Женко тур бюро" компанийн хамт олонд талархал илэрхийлэх нь илүүдэхгүй биз ээ. Түүнчлэн Чингис хааны хөшөөт цогцолборын нээлтийн үеэр өдгөө УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж буй Х.Баттулгад талархал илэрхийлэх олон захаас аван байлаа. Энэ талаар тус цогцолборын зохиогч, ерөнхий архитекторч Д.Эрдэмбилэг "Анх эх загварыг гаргаад Х.Баттулга дээр очиход шууд л дэмжиж хүлээж авсан. Хэрэв энэ хүн ийм их зориг гаргаж, эрсдэл хүлээж дэмжээгүй бол миний ширээн дээр жижигхэн шавар баримал л үлдэх байсан юм шүү" хэмээж байна билээ. Д.Эрдэнэбилэг архитекторчийн хувьд бага наснаасаа л өөрийн гэсэн Чингис хааныг бүтээх гэж элдвийг хийдэг байсан гэнэ. Түүний цээжинд орших Чингис хаан бол их даруухан. Сүрлэг агаад холыг бодсон, их мөрний намуухан долгио мэт. Дээр нь орон зайн шийдлийг нь өөрийнхөө бодож олсон Чингис хааны дотор сэтгэл, гүн ухааных нь цар хүрээнд морьтой байх ёстой гэж үзсэн аж. Ийнхүү монгол архитекторчийн, монгол урлаачдын, монгол хөрөнгө оруулагчийн хамтарч бүтээсэн "Чингис хааны хөшөөт цогцолбор" өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ.

 

Цогцолборын эзлэх талбай нь 212 га. Морьт хөшөөний өндөр нь газар дорх байгууламжтайгаа нийлээд 40 гаруй метр. Суурийг нь тойруулж, алтан ургийн 36 хааныг бэлгэдсэн 36 баганатай. Сонирхсон хүн бүр морины сүүлэн дэх цахилгаан шатаар дээш гарч, морины цээжин хэсгээр дамжин эмээлийн бүүргээр хээрийн салхи "амталж", "Хэнтийн мөнх цаст уулсын оргилыг харах боломжтой. Харин энэхүү хөшөөг яг цогцолбор утгаар нь харахыг хүсвэл та 2010 оныг хүлээх хэрэгтэй. Учир нь, энэ үед цогцолбор бүрэн утгаараа ашиглалтад орно. Тэр үед хөшөөг тойроод тэртээ XIII зууны үеийн амьдрал ахуйг илтгэсэн 800 гэр байх бөгөөд дор бүрнээ өртөө улаа, урчуудын отог, номын өргөө, малчны отог, бөөгийн отог, хааны өргөө гэх мэт үзүүлж харуулах нэг нэг сэдвийг илтгэх гэнэ. Цаашлаад орчин цагийн Монгол Улсын хөгжлийг илтгэх SPA зочид буудал, гольфын иж бүрэн цогцолбор хийгээд 10 мянган мод тал хээр нутгийн үзэсгэлэнг чимэглэнэ. Мөн дээрх эртний ахуйг илэрхийлэх 800 гэрийн эсрэг талд орчин үеийн техник, технологийн дэвшлийг илэрхийлэх 200 гэр буудлыг босгох юм билээ. Хийж бүтээсэн болоод хийж бүтээх төлөвлөгөөг нь энэ мэтчилэн дурдаад байвал хэтэрхий олон юм. Иймд ирсэн зочдын сэтгэгдлийг үргэлжлүүлэн хүргэе.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй олон зуун зочин дор бүрнээ монгол хүний ур ухаан, хүч чадлыг бахархан өгүүлсэн нь дамжиггүй. Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Ч.Насантогтох "Манай Баттулга 15, 16 настайгаасаа хойш арваад жил миний удирдлагад бэлтгэл хийж, дэлхийн аварга болсон. Би шавийгаа яаж ийм мундаг зүйлийг бүтээж чадваа гэж бодоод байна. Үнэхээр их баярлаж, бахархаж байна. Үнэхээр баярлалаа гэдгээс өөр хэлэх үг олдохгүй явж байна даа" хэмээсэн бол гавьяат жүжигчин Д.Сосорбарам "Дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн долоон гайхамшиг байдаг. Монголчууд наймдахыг нь бүтээж чадлаа" гэнэ билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Оёогийн хувьд ч тэр "Энэ бүтээл Монголын урлаг, тэр дундаа урчуудын бүтээлд сэргэн мандлыг авчирлаа. 1996 онд бид "Жанрайсаг бурханыг бүтээсэн. Үүнээс 12 жилийн дараа хоёр дахь том цогцолбороо урлалаа" хэмээх агаад ирсэн зочин бүрийн өмнө очиж сэтгэгдэл сонсоход эсрэг агуулгатай үг хэлэх хүн байхгүй байгаа нь ойлгомжтой.

 

Энэ сурвалжлагад нэг хүнийг оруулахгүй байж болохгүй. Тэр бол "SGMG" компанийн захирал Т.Оч хэмээх залуу. Хөшөөт цогцолборын металь хийцийн үйлдвэрлэл, угсралтын ажлыг хариуцсан бөгөөд

 

250 тонн ган төмрөөр эзэн Чингисийг "үйлдвэрлэх" ажлыг удирдсан нэгэн. Тэрээр энэ ажлынхаа талаар "Төмрөөр урласан ийм хэмжээний барилга манайд байгаагүй болохоор эхний удаа туршлага дутаж, айх бэргэх зүйл олон байсан. Гэвч хийж чадна гэдэг зориг, хүсэл байсан учраас ард нь гарч чадлаа" хэмээн инээвхийлэн зогсоно билээ. Ийнхүү уламжлалт нээлтийн арга хэмжээний ёс болсон идээ ундаа болоод ирсэн гийчдийн өмссөн зүүсний талаар бус Монгол бахархлын талаар өгүүлэхэд ийм байлаа.

 

Байгалийн аялал жуулчлалд бусдыг уриалдаг монгол түмэн энэ өдөр оюун ухаант хүний хийсэн бүтээснээр виз олгох эрхтэй боллоо. Тал нутгийн эгэлгүй уудам амьдралд Монгол хүний ур ухаан өнгө болоод чимэг нэмлээ. Үүнийг Цонжин Болдгийн тунхаглал хэмээн нэрийдэж, бүтээсэн хүн бүрийн чин сэтгэлд талархал илэрхийлье. Эцэст нь, нэг зүйлийг онцлоход "Женко тур бюро" компани эл ажлыг сэдэхдээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бас нэгэн дэвшил авчирсан гэдгийг дуулгахад буруудахгүй биз ээ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албан дарга О.Ганбат "Женко тур бюро компани" хөшөөт цогцолборыг босгох ажилдаа санхүүгийн дэмжлэг олох зорилгоор арван тэрбум төгрөгийн хувьцааг Монголын хөрөнгийн зах зээлд арилжиж, хүүхэд бүрт нэрлэсэн зуун төгрөгийн хувьцаа борлуулсан нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийг сэрээсэн, тэдэнд урам өгч, хувьцаа эзэмшигчдэд бүтээн байгуулалтыг дэмжих шинэ сэдлийг өгч чадсан" гэдэг дүгнэлтийг өгч байсан.

 

Үйл хэрэгт оролцсон олондоо ч тустай, үзэж сонирхохоор ирсэн түмэн олонд ч таатай Чингис хааны хөшөөт цогцолборын тийш зүглэх олны жим өргөжин тэлэх болтугай. Монголчуудын бахархал өнөд мөнх оршиг ээ.

Бичсэн: nomikoz | цаг: 20:48 | ♥Монгол улс♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax