2008-12-12
Он гарсаар 15421 гэмт хэрэг үйлдэгджээ
Он гарсаар 15421 гэмт хэрэг үйлдэгджээ
Охид бүсгүйчүүдийг дамлан худалдаалах, улмаар хил давуулан биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр улам бүр нарийсч зохион байгуулалтын чанартай болж байгаа нь хууль хяналтынхныг түгшээх болсон билээ. Хүн худалдаалах гэмт хэргийн золиосонд өртөн бие эрхтэн сэтгэл санаагаараа хохирч байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улам бүр боловсронгуй болж зохион байгуулалтын чанартай болж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход улам бүр хүндрэлтэй болж байна гэсэн үг юм.
Сүүлийн хоёр жилд 13 хэрэг гарсны нэгд нь л Эрүүгийн хуулийн 113.3-аар ял оноосон байна.

Хар тамхины дараа орох хэмжээний ашиг олдог бизнес болж хувирсан хүний наймаатай тэмцэх нь дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болоод буй.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын ажлын хэсгийн хийсэн судалгаагаар өдгөө дэлхийн өнцөг булан бүрт 12 сая хүн боолчлогдож байгаа агаад 2.4 сая хүнийг хил давуулан худалджээ. Жил бүр дөрвөн сая хүн энэ гэмт хэргийн хохирогч болдог, үүнээс "Эрх чөлөөний орон" гэгдэх АНУ-д жилдээ 17500 хүн худалдагддаг байна. Хамгийн харамсалтай нь 5-15 насны хоёр сая охиныг бэлгийн мөлжлөгөөр ашигладаг гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амаас 1.5 дахин олон хүүхэд, эмэгтэйчүүдийг ганцхан жилд хил давуулан худалдаж байна. Хүний наймаачдын жилийн орлого 35 тэрбум ам.доллараас давдаг аж. Сүүлийн үед жил ирэх тутам хүний наймааны сүлжээ газар авч, энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд, хүүхдүүд татагдан орох болсон байна. Өөрөө хүний наймааны хохирогч болж байсан эмэгтэйчүүд эргээд ийм гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Хүүхдүүдийн хувьд золиос болох хүний талаар мэдээлэл өгдөг гэнэ. Ийнхүү хүн худалдах гэмт хэрэг өдрөөс өдөрт аюулын харанга дэлдэж буй. Энэ ч утгаар хүний наймааг орчин үеийн боолчлол хэмээн нэрлэх болжээ.

Манай улсын хувьд хүний наймаа бодит аюул болоод байгаа. Хоёр Монгол эмэгтэйг өндөр цалинтай ажилд зуучилж өгнө хэмээн Югославт аваачиж худалдсан Максим гэгчийн хэргийг 2005 онд шүүсэн нь энэ төрлийн хэргийг шүүхээр шийдсэн анхны тохиолдол юм. Үүнээс хойш хүн худалдах гэмт хэрэг 100 гаруй гарчээ. Хамгийн сүүлийн баримтаар он гарсаар манай улсад 15421 гэмт хэрэг бүртгэгдсэний найм нь хүн худалдаалах гэмт хэрэг. Мөн энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 214 хүн сураггүй алга болсны 81 нь эмэгтэй түүний 30 нь бага насны хүүхдүүд ажээ. Гэхдээ эдгээр эмэгтэйчүүдийн 71 нь олдож, ес нь өнөөг хүртэл сураггүй хэвээр байна. Тэд хүн худалдах гэмт хэргийн золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй. Монголоос охид, эмэгтэйчүүдийг Хятад, Макао, Япон, Солонгос, Югослав, Хонконг, Европын орнууд руу гаргаж худалддаг гэмт бүлэглэлд ихэвчлэн хятад, солонгос, монгол иргэд байдаг гэнэ.

Тэр дундаа хятадууд монгол охидыг хил давуулан худалдахдаа гаршсан гэсэн мэдээлэл ч бий. Хүний наймаачдын "өндөр цалин, хангалуун амьдрал" амласан сайхан үгэнд хууртах охид харамсалтай нь олон болж. Зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох, хэн нэг сайхан сэтгэлт хүн гэнэт хүрч ирээд хангалуун амьдруулах юм шиг санадаг гэнэн итгэмтгий охид, бүсгүйчүүд өгөөшинд орохдоо амархан. Өнөөдөр манай улс хүний наймааны нийлүүлэгч, дамжуулагч орон болж хувираад байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн хэрнээ өнөөх л өндөр цалин, сайхан амьдрал амласан зарууд ямар ч хяналтгүй урссаар, энэ хэмжээгээр охид, эмэгтэйчүүд хил даван одсоор байна. Хууль хяналтынхны хамар дор л хүний наймаа газар авч, ил цагаан хохирогчдоо уургалж буй.

Уг нь бусад улс оронд хүн худалдах гэмт хэрэг үйлдсэн нэгнийг торгоод явуулдаггүй, ялын бодлого нь хорих. Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд торгох ял байж болохгүй гэж үздэг аж. Гэтэл манай Эрүүгийн хуулийн 113.1-д "Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, түүнчлэн бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хорих ял шийтгэнэ" гэжээ. Торгоод явуулна эсвэл хорино гэсэн энэ заалтын "ачаар" хэчнээн гэмт этгээд ялаас мултарсан бол. Иймээс хуулийн заалтыг өөрчлөх, хариуцлага, ялыг чангатгах шаардлагатай юм. Гэхдээ хамгийн гол хүний наймаатай тэмцэхэд дан ганц хууль хяналтын байгууллага, эсвэл төрийн бус байгууллага ажиллаад төдийлөн үр дүнгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд үр хүүхэддээ хараа хяналттай байж, охид бүсгүйчүүд маань хүний наймааны золиос болохоос сэрэмжилж байх нь чухал. Ингэж байж нийгэмд үнэлж барашгүй их гарз авч ирж байгаа хүний наймааны асуудлыг таслан зогсоож чадна.
 
Бичсэн: nomikoz | цаг: 10:19 | ♥Нийгэм, эдийн засаг♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax