2009-03-06
Инфляци гэж юу вэ?
Инфляци гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөн ханшийн үнэгүйдэл юм. Инфляци нь үнийн хэт өсөлтөөр илэрдэг бөгөөд түүнийг хэмжихдээ жилийн хэрэглээг тодорхойлж чадах багц бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөр тодорхойлдог. Үнийг дээрээс (засгийн газраас) хатуу тогтоовол бараа үйлчилгээний хэмжээ хомсддог, хатуу үнийг чөлөөлбөл бүтээгдэхүүний үнэ өсч инфляци хүчтэй явагдаж эхэлдэг.
Инфляцийн түвшин нь эдийн засаг хөгжих тогтворжих эс тогтворжихын гол нөхцөл учраас үүнийг засгийн газрууд эдийн засаг, нийгмийн бодлогынхоо гол бүрдэл болгон байнга анхаарч байдаг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжих үеэс үнийг чөлөөлж, инфляцийн үзэгдэлтэй анх тулгарч, тэр тухай ойлголт нь гүнзгийрэн, улмаар түүнийг хязгаарлах, бууруулах бодлого явуулсан. Инфляци нь 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг. -эрэлтээс үүдэлтэй -нийлүүлэлтээс үүдэлтэй гэж ангилдаг. Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн өсөн нэмэгдэж буй төлбөрийн чадвартай эрэлтээс санал болгосон үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм. Энэ үед дэлгүүрийн лангуу хоосрох, хүмүүс ямар ч хамаагүй барааг авч “дарах” явдал илтэд ажиглагддаг. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үүсэлтэй инфляцийг бий болгодог. Инфляцийг үнийн индексээр хэмждэг. Тухайн жилийн инфляцийн хурдацыг тооцохдоо энэ жилийн үнийн индексээс өнгөрсөн жилийн үнийн индекийг хасаад гарсан зөрүүг нь өнгөрсөн жилийн үнийн индекст харьцуулж хувиар илэрхийлнэ. Инфляцийг өсөлтийн түвшингээр нь: • Хэвийн (жилийн үнийн өсөлт 10%-иас хэтрэхгүй) • Өндөр (жилийн үнийн өсөлт 10-200%) • Хэт (жилийн үнийн өсөлт 200%-иас дээш) гэж гурав хуваана. Зах зээлийн тогтолцоо тогтворжсон үед эдийн засаг дахь инфляци жилдээ 10%-ийн дотор хэлбэлзэж байдаг бөгөөд үүнийг эдийн засагчид хэвийн гэж үздэг. Инфляцид нөлөөлдөг хүчин зүйл: 1. Инфляци ба орлого Үүнтэй холбогдон нэрлэсэн ба бодит орлого гэж бий болно. Нэрлэсэн орлого гэдэг нь хүмүүсийн цалин хөлс, рент, хүү зэрэг ашгийн хэлбэрээр авч буй мөнгөн орлого буюу мөнгөний тоо хэмжээг хэлнэ. Бодит орлого гэдэг нь нэрлэсэн орлогоор худалдан авч байгаа бараа үйлчилгээний тоо хэмжээ түүний худалдан авах чадварыг хэлнэ. 2. Инфляци ба зээлийн хүү Энэ хоёр хоорондоо маш хүчтэй хамааралтай. Инфляци зээлийн хүү хоёрын хоорондын хамааарлыг Фишер судалсан. Фишерийн тэгшитгэлээр инфляцийн хувьд 1% өсөхөд түүнийг дагаад зээлийн хүүгийн түвшин 1% дээшилнэ. Үүнтэй холбогдон бодит ба нэрлэсэн зээлийн хүү гэж гарч ирдэг. Инфляци үүсэх шалтгаан олон боловч хамгийн тоймтой нь хүн амын худалдан авах чадварын цочмог өөрчлөлт, хэрэглээний зүйлсийн хомсдол, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаасан мөнгийг гүйлгээнд ихээр гаргах, бараа үйлчилгээний үнэ, цалин үндэслэлгүй өсгөхтэй холбоотой юм. Ер нь инфляци өсөх нь бизнесийн орчин муудах, хүмүүсийн төлбөрийн чадвар доройтох, ядуурал, ажилгүйдэл өсөх, эдийн засгийн өсөлт буурах, улмаар зогсох сөрөг үр дагавартай байдаг. Ажилгүйдэл, Инфляци нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй ард түмний амьдралд ч нөлөөлдөг байна. Иймээс ч ямарч улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр байж байдаг зүйл юм. Монгол орон зах зээлийн тогтолцоонд шилжиж, бүх юм хувийн хэвшилд хэвшилд шилжсэнээр үйлдвэрлэл унаж, хэт инфляцид автагдсан юм. Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэл унаж, ҮНБ хамгийн бага байсан үеүдэд инфляцийн түвшин маш өндөр байжээ. Манай орны хувьд экспорт нь импортоосоо ямагт бага байгаа нь дотоодын үйлдвэрлэл бага байгаа төдийгүй зээлийн хүүгийн түвшин өндөр байгаатай холбоотой юм. Иймд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, зээлийн хүүгийн түвшинг бууруулах бодлого явуулах нь зүйтэй юм.
Сэтгэгдэл бичих